Jul 1, 2011

Хуучнаа хаяж чаддаггүй хүн шинийг олдоггүй

Ойрдоо арай дэндүү депресст орж байнаа. Сүүлийн үед ямар ч ахиц гарахгүй байгаа энэ ажлыг (надаас шалтгаалаагүй л дээ) заавал яагаад би цаг хугацаа, байгаа бүхнээ золиослон байж хийх ёстой гэж бодогдоод, хаяад явчихмаар санагдах боллоо. Үүнээс илүү дээр боломж зөндөө байхад би яагаад энэ хонхорт учир нь олдохгүй хүмүүсийн дунд, хоосон үг нь хэзээ нэг өдөр биелэнэ гээд хүлээгээд суух ёстой гэж. Багш судалгаа хийх бүх боломжоор хангаж өгнөө гэж амласан, гэтэл тэрийг нь 3 жил хүлээлээ, байдаггүй шүү. Судалгааны хүрээлэн ганц энд байгаа биш өөр газар очиж судалгаагаа хийхэд болно ш дээ, хаяад явчихад надад алдах юм гэвэл өнгөрсөн 3 жил байна. Энэ 3 жилийг энэ сургуульд, хүнд итгэхээ байсан хүмүүсийн дунд эцэг эх, эх орноосоо хол өнгөрөөхдөө дуртай ажлаа хийж байгаадаа гэж өөрийгөө тайтгаруулж өнгөрөөсөн. Дээр миний төлөө өөрийхөө алтнаас үнэтэй цаг хугацааг энд хоосон өнгөрөөж байгаа хажуудах хүнээ бодсон ч хаяачихад харамсаад байх зүйл байхгүй мэт. Өөр газар очоод эсвэл нутагтаа хариад дахиад шинээр эхлэхэд яагаад болохгүй гэж. Хүн бүрт хийх дуртай ажил байдаг. үүнийг би хийхгүй бол өөр хэн хийхэв, энэ ажил бол би, би бол энэ ажил, энэ ажил надад байхгүй бол би хэн ч биш гэж амьдарлын чин зорилого болгож байсан зүйлээ нэг л өдөр хаяж чаддаг болвуу. Урьд нь энэ ажилгүйгээр би хэн ч биш гэж боддог байсан ч цагийн аясаар бодол минь өөрчлөгдсөн байх юм. Сонин юмаа хүн гэдэг амьтан, амьдралд минь шинэ утга учир, баяр баясгалан өгдөг зүйл орж ирсэн болхоор тэр юм болвуу. Хайрыхаа төлөө мөрөөдлөө орхичихоод харамсахгүй байна гэдэг хүмүүсийг ойлгодоггүй байсан одооноос хүн яагаад тийм шийд гаргахад хүрдэгийг өөрийн биеэр мэдэрч байна. Хаанаас ч билээ дээ хуучнаа хаяж чаддаггүй хүн шинийг олдоггүй ээ гэж сонсож байсан тодгойд эргэлдээд салахгүй нь ээ.