Судлаач, доктор Д.Ганхуяг
Уг нь энэ өгүүллийг нэлээд эрт бичсэн юм. Гэтэл сүүлийн үед зарим залуус, шавь нар маань хүсээд байгаа болохоор хэвлэж байна. Хүнээсээ хамаг юм эхэлдэг болохоор энэ өгүүллийн агуулга нэг их хуучраагүй гэж бодож байна. Харин ч ухаарахад улам ч хэрэг болж мэдэх юм.
Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг.
Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Харамсалтай нь бид үүнийг монголын нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.
Менталитет гэдэг нь бодит байдлын субъектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангүй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтвортой өвөрмөц систем болно.