Энэ бичлэгийг уншаад их таалагдахаар нь нааш нь чирээд ирлээ. Миний бага нас ч бас иймэрхүү л өнгөрсөн дөө. Хотын хүүхдүүд байгалын сайханыг мэддэггүй гэж нэгдүгээр курст байхад Завханаас ирсэн охин хэлхэд нь мөн ч уур хүрч билээ.
Би хотын хүүхэд. Дуу, шүлгэнд гардаг хөдөөгийн үзэсгэлэнт байгалиас тэс өөр орчинд өссөн болоод ч тэр үү тариа халиурах, бугын урамдаан говийн зэргэлээг хараад малчин хүний мэдэрдэг мэдрэмжийг үнэндээ ойлгодоггүй. Гэхдээ голын усанд сэлсэний дараа засмал зам дээр хэвтэх таашаалын тухай хэний ч нүдэнд харагдтал дүрсэлж чадна. Гэрэл залгасан шонгийн модод нар жаргах үеэр хэрхэн “Болтрон” шиг болж хүүхэд айлгадаг, нүүрсний утаа, автобусны яндагийн үнэр ямар мэдрэмж төрүүлдгийг адуу манаж суугаа эрээс илүү мэднэ. Унасан газар минь Улаанбаатар, угаасан ус минь Сэлбийн гол (үнэндээ төрхийн ор миний анхны унасан газар, тэндхийн крантаар намайг угаасан гэнэ лээ). Энэ бүгдийг тоочихийн учир уншигч авхай таныг би хүй цөглөсөн нутаг тийшээ хөтлөхөөр зориглолоо.
Сүхийн талбайгаас баруун тийш явсаар, чанх хойш эргэхээр XI хорооллын өндөр байрнууд байдаг даа. Тэр чинь биш. Үүнээс яг чанх хойш, таксигаар явбал 5000 төгрөг гарах гэр хорооллын дунд миний хүүхэд нас өнгөрсөн. Хотын бид уул, усны нэр тогтоохдоо маруухан болохоор тэр уулын бэлд гэж онож хэлэхэд бэрх байгааг минь ойлгоно гэж найдъя.
Өвлийн эхэн сарын тэсгим хүйтэнд, нагац ах минь 10 битон дүүрэн тос даасан шөл хийж, ээжийг минь эргэсэн тэр өдөр би мэндэлж, Дарь-Эхийн оршин суугчдын тоог нэгээр нэмсэн гэдэг. Тэр үед Дарь-Эх гэх энэ буйдхан газар хотын нэг хэсэг гэхэд хэцүү, Сэлбийн хөвөөнд уулын нөмөр бараадсан хоёр хашаанаас өөр эзэнгүй байж. Зоосон газартаа 20 жил гозойсон бор банзнууд минь үүнийг гэрчилнэ. Тоглох найзгүй ганцаараа ярьж, ахдаа үүдэн шүдээ цохиулаад өөхөнд боож нохойд хаяж байсан, нууцаар хашаа давж, найзуудтайгаа уулын бэлд “барьсан” байшиндаа очихоор оргож байсан түүхийг энэ хэдэн банз хэлтэйсэн бол хүүрнэх байсан биз.
Дарь-Эхийнхний дэд бүтцэд анхаарч зургаан настайд минь худаг барихаас өмнө би Дондогдуламын рашаанаас ус зөөдөг байв. Зуны шатам халуунд ч чөмөг царцаам хүйтэн, өвөл бол эргэн тойрон мөсөөр бүрхэж, уур савссан хүйтэн тамын газар шиг л санагддагсан. Тавын битонтой усаа татаж дийлэхгүй өвлийн хүйтэнд олон ч удаа рашааны усанд булхаж байсан даа. Хүн үү, мөс үү, ер ялгагдахгүй жаал ахдаа шоолуулахгүй гэж гэрийнхээ гадаа хувцасныхаа мөсийг чулуугаар цохиод орно. Тэгсний хүчинд хоёр хоног халуурч хэвтэн, гэрийн ажлаас чөлөөлөгдөж байсан удаатай.
Энэ рашааны жараахай залгивал элэг, ходоод эмчилдэг гэх жорыг хэнээс ч юм бэ дуулаад өглөө бүр аавдаа өгөх гэж ажилтай хүн шиг гэрээсээ гарах дэлчгэр шар бандийн дүр зургийг “жаазлан” үлдсэн банзан хашаанууд одоо блок болжээ. Их хотыг мөрөөдөн ирэх шинэ цагийн нүүдэлчдийн хөлд голын хайрга шиг мөлийсөн чулууд хундааманд цутгагдаж миний мэдэх ертөнцөөс хэлтэрхий ч алга шиг санагдана.
Өдөр бүр шахам болох шинэ хөршийн найрын боов, чихэр хороосоор нэг л мэдэхэд би рашааны жараахайнаас олон танилтай болсон байж билээ. Эхлээд Юмжаа, дараа нь Отгоо, Мандах ирсэн. Хотын хүүхдүүдийн нийтлэг зангаар уул, усны нэр цээжилэхдээ муу, ёстой зоргоороо нэрлэдэг байж. Нэг л мэдэхэд хойморт дарайх сүрлэг уулсын дөрвөн оргил Энхмандах, Тэгшжаргал, Юмжирдулам, Отгонбат гэх нэртэй болчихсон юмдаг. Зөв цагт нь чигчий хуруугаа гозойлгосны хүчинд хамгийн өндөр хайрхан миний мэдлийнх болов. Оргил дээрээ хадаг, яндар болсон овоотой учраас нөгөө гуравынхаа дунд додигор байлаа, би.
Дөрвөн оргилынхоо бэлд тус бүртээ чулуун “байшин” бариад биенийхээрээ зочилно. Гэхдээ бас хоосонгүй. Уулын бэлийг улбар ягаан өнгөөр ярайтал нь будсан цэцгээр баглаа бэлдэж, гонзгой чулуун дарс тэвэрч, боловсон маягаар айл хэснэ. Аялан тоглолт дууссаны дараа бид уул өөд өгсөж, цэцгэн титэм сүлжин суудагсан. Уулс нүдлүүлж, байгаль хайрлах ухаан заах өвөө, эмээгээсээ хол өссөн бидэнд цэцгийг үндсээр нь биш, угаар нь таслах сэтгэлийг хэн суулгасан юм бүү мэд. Тэр сэтгэлийг зуурч хоцорсон 15 настай хатаасан цэцэг дэвтэрийн минь завсар одоо ч бий.
Хэзээ л очсон эрээн цэцгээ дэвсэн эрхлүүлдэг уулсынхаа бэлд очлоо. Тэднийг харахад загнаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг үзэгдэнэ. Юмжаа, Отгоо, Мандахын уулсаар айл шавж, зочилж явсан тэдний минь “байшин” хундааманд цутгагджээ. Хадаг яндартай миний өндөр хайрхан л нулимс дуслуулан байх шиг үзэгдэнэ. Хүний мөс хайлах цагаар тэр ч бас эзлэгдэх биз.
Уулын бэлийг эмжин урсах Сэлбийн голын наадхан талд буянтай хүний мэнгэ шиг бяцхан хар дусал байх нь Дондогдуламын рашаан. Зуны шатам халуунд ч толгой царцаам хүйтэн байдагийнх нь учрыг ойлгохгүй, “хөргөгчтэй ус” гэж шоолдог байж билээ, бид. Хотоос нэлээд зайдуу байдаг болохоор бид өөсрдийгөө “Хотын хөдөөнийхөн” гэж нэрлэдэг. Рашааны минь жараахайд л болж ирэх машинууд “хөдөөгийн” дөрвөн жаалд их л соньхон үзэгддэг байсныг тодхон санаж байна. Бидний хамгийн том нь болох Юмжааг сургуульд ордог жилээс хойш машин гээчийг залхатлаа харж билээ.
Хотын хүүхдэд бүрт тэр бүр олдохгүй хүүхэд насыг Сэлбийн хөвөөнд би өнгөрүүлсэн. “Нэг, хоёрын, гурав аа” гээд л эрэг дээрээс үсрэхэд чулуу нь тулдаггүй байсан гол мөч уртсах тусам дундрах шиг санагдана. Усан борооноор намагт хөндийг тэр чигт нь бүрхэж, догширдог Сэлбийн гол өдгөө шагай ч норгож хүрэх туниагүй болсон байна лээ.
Голын усанд өдөржин булхасны дараа засмал зам дээр тэрийж хэвтэхийн сайхныг та мэдэх үү. Уншигч та биднийг амиа хорлогч гэж зэмлэх байх. Таны зөв. Гэхдээ бидний багад айл амьтан ч ховор, зам ч биднээс өөр эзэнгүй байж. Наранд халсан засмал замаас үнэртэх тэр нэг сонин, өвөрмөц үнэрт би одоо ч дуртай. Хэрэв аз гийвэл бид дундаа нэг сироптой. “Эмч” жараахай багширсан Дондогдуламын рашааны ус, гүзээлзгэнийн сиропны гоё амтыг мэдрэхээсээ одоо ч өнгөрсөн биз дээ.
Дунд ахын бөглөө сайн шүүрдэгийн буянаар хуучин коньки нь миний өмч болсон тэр өдрөөс хойш өвөл болохыг тэсэлгүй хүлээдэг болж билээ. Хажуу айлын хашааны банзны нэгээр дөрвөн найз конькиндоо тавцан суулгасныг тэднийхэн мэдсэн бол биднийг ёстой алах байсан даа. “Юмжаагийн” уулнаас конькигоор уралдаж буусан бид нэг зэрэг айлын хашаа мөргөж хоёр нь хөлөө хугалснаас хойш өвлийг нэг их хүлээхээ больсон санагдана.
Саяхан би “өөрийнхөө” уулан дээр гарлаа. Намар цаг болоод ч оргил өөд мацах бүрт хийсгэчих шахам салхилна. Олон ч удаа эндээс бид өөрсдийнхөө нэрийг чангаар дуудан хашгирч, цамцаараа туг хийн дэрвүүлдэг байж билээ. Анх удаа уулын орой дээр ганцаараа гарлаа. Нэг л эвгүй байх чинь. Жаалынх шиг хоолойн хашхирах чимээ чихэнд сонсогдох шиг болоход нутгийн уулс дууг минь хадгалж хоцорч дээ гэж бодогдож билээ. Дасал болсон жимээр би ганцаараа буусан. Ахдаа тунин гүйхэд минь хязгааргүй мэт санагддаг тэр хөндий одоо өрсөн хасаа шиг шулуун гудамаар бүрхжээ.
Хөдөө нутаг минь сайхан л гэж дуулдаг. Хөх уулсын минь бэлд мөчтэй болгон гардаггүй л гэж хөдөөгийнхөн ёсчирхдог. Гэсэн атлаа найзын минь уулын оройг тэгшилж бууриа засаад, дурсамж бүхнийг шингээсэн чулуудыг минь булшилж орхисон тэднийг би ойлгодоггүй. Бидний хайрхан дээр баглаа болгох цэцэг ургахаа больсон байна лээ. Чулуун байшин өрж суусан найзууд минь ч алга. Тэгэхээр дурсамж байхгүй…Алдуурсан цаг хугацааны хэлтэрхий бүхэн нүүдэлчдийн хөлд дарагдчихаж.
“Хөдөөгийн” дөрвөн жаалын тэрийж хэвтсэн засмал, хөх ягаан цэцгэндээ бялхан суудаг миний хайрхан, “болтрон” шиг шонгийн мод, биеийг минь хэмжин урсах Сэлбийн гол, эцгийн минь элгийг эдгээсэн эмч жараахайт рашаантай сайхан нутагт би өссөн. Ийм болчихно гэж харин зүүдлээчгүй явж.
Эх сурвалж
No comments:
Post a Comment