Шүүдэрцэцэгийн өгүүлэл мөн байхаа,
бидний дунд ийм амьдрал бишгүй олон байгаа даа, миний сайн найзын маань амьдрал ч бас ийм байсан. Аз болоход нөхөөрөө эрүүл дээрээ салсан. Гэр бүлийн маргаан голдуу өмгөөлөгч өмгөөлөгч найзыхаа яриаг сонсоход зүрх зүсэгдэх шиг болдын. 10, 20 жил нөхөртөө зодуулсан, түүнээс болоод тархиндаа хүнд гэмтэлтэй, сэтгэцийн гүн гутралд ороод амиа хорлохоос наахнуур болчихсон бүсгүйчүүд ирдэг. Архичин, дарангуйлагч нөхөрөө хаяад явчихад яагаад болдоггүй юм бэ гэж хүмүүс гайхдаг. Би ч бас их сургуулийхаа ангийн охиныг яагад нөхөрөө хаяад явж чаддаггүй юм болоо гэж гайхдаг л байлаа. Гэхдээ ийм эмэгтэйчүүдийг маргаашийн хоолны мөнгө яах билээ, нөхөрөө уучлал гуйх бүрт засарчих болов уу гэсэн горьдлого, үр хүүхдээ хойд эцэгийн гар харуулахгүй гэсэг тэвчээр, эцэст нь энэ миний хувь заяа гэсэн бодол тэднийг энэ амьдралд нь хадчихдаг юм болов уу даа. Хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг бүсгүйчүүд сэтгэлийн гүн хямралд орсон байдаг учираас өөрт тулгарсан асуудлаа зөв дүгнэж шийдвэр гаргах чадваргүй болсон байдаг.
Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн баярын өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдхооч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?Гэрээс архины эхүүн нэгшмэл үнэр нилхийж, хагархай аяга шаазан хөглөрч, хивс нь хунирч ундуй сундуй болсон өрөөнд чи урд шөнө юу ч болоогүй юм шиг хурхиран унтана. Харин цурамхийх ч завдалгүй, хором бүрийг айдас, доромжлолын хүлээсэнд баглаатай зогсоогоороо шөнийг өнгөрөөсөн би хилийн зурвас дээрх харуулын цэрэг мэт ажил дээрээ ажил дээрээ бэлэн байхын тулд гэрээсээ гарах гэж байна. Би маш их ядарчээ. Яг үүнтэй ижилхэн, ширхэг солимгүй адилхан шөнөжин доромжлогдон, гутарч, гуньсан биеээрээ чиний хүнд нудрагын хөх эрээн ул мөр, сэтгэлдээ тэсвэрлэшгүй гуниг гомдлын хар мөр дүүрэн угтаж байсан, хараал идсэн өглөө миний амьдралд чухам хэд байсныг би тоолж чадахгүй нь. Тиймээ хараал идсэн олон олон өглөө. Ийт өглөө бүхэн сэтгэл салхийтэл гутарч, хичнээн удаач ингээд үхчихье гэсэн бодол орж ирэв дээ. Хүн сэтгэлээр амьдардаг амьтан. Гэтэл ингэж их гомдож гутраад байхаар амьдрах хүсэл минь шуудай элс атга атгаар асгаран гоожсоор хоосрон шалчийх мэт унтран алга болсоор байна. Тэгээд орчлонгийн уудамд алсран одсоор дуусах тэр амьдрах хүслийн оронд үзэн ядахуйн сэтгэл өнөөх шуудайг дүүргэсээр л. Тийм ээ, би амьдралыг үзэн ядаж байна.. Чи анх танилцсаныхаа 8 жилийн ойн өдрөө зоогийн газарт тэмдэглэнэ, намайг баярлуулж, миний ордын ээлтэй чулуу индранил шигтгээт бэлзэг бэлэглэнэ, дахин хэзээ ч гомдоохгүй гээд л ганцхан сарын өмнө надад ямар сайхан, сайхан юм амлаж байлаа даа.
...Гоожуураас эмтэрхий аягаар тосон авсан цэв хүйтэн усаар голоо дэвтээгээд би хувцаслаж эхэллээ. Хэзээ хаанаас худалдаж авсанаа мартчихсан хуучин туфлиэ углаад банзалныхаа хуниасыг толийлгон засав. Нүдэнд хургасан гашуун гуниг, амьдралыг үзэн ядахуйн хүйтэн туяаг дарах малгай минь хаачив? Хувцасны өлгүүрийн дээд тавиур дээрх малгайгаа авах гээд өнгийвөл мөрөөр часхийн хөндүүрлээд явчихлаа, Тэмтрэн үзвэл аягын чинээ овойж хавдаад алга дарам том хөх няц болчихож. Чамайг хүйтэн ус нэхэхэд архийг чинь гаргах санаатай халуун цай өгсөний төлөө “Заяагүй өлөгчин” гэсэн хараалын хамт гутлаар шидүүлсэний нотлох баримт үлдсэн нь энэ. Хүнд хатуу тэр гутланд нүүрээ оногдоогүйд би баярлаад өнгөрч билээ. Малгайгаа даран өмсхөд хамаг хуйх хөндүүрлэн өвдөнө. Чамайг гарч явна гэж дайрхад “Битгий яваач” гэсэнд намайг үсдэж “Чам шиг муухай ааштай гичий надад хэрэггүй. Нөхөргүй хүүхнүүд ком комоороо хандарч байна. Чам шиг хормойгоо чирсэн юмыг нохойн гуяар даллаад олно” гээд хар тэнхээгээрээ түлхэхэд чиний гарт атга дүүрэн үс үлдсэн байсан. Одоо тэр их үс нөхөж ургах ч үгүй биз дээ. Бага хүүгээ төрүүлсэнээс хойш тэртэй тэргүй шингэрч яваа юмсан. За за, энэ тухай бодохгүй, туг тугаараа унаж ирэх үсээ малгай доороо нуугаад гаръя.Өглөөний тунгалаг, чийглэг, сэрүүн агаарт гараад цээж дүүрэн амьсгалав. Гэхдээ тэр сайхан агаарыг сороход цээж хөндүүрлэх нь хар дарсан зүүд шиг урд шөнийг сануулна.Өнгөрсөн шөнө хоёр хүүгээ ээжийнд аваачсан нь зөв болж. Нялх амьтад согтуу эцгээсээ айж бахиралдаад, үйлээ үзнэ. Ер нь тэгээд архичны хүүхдүүд согтуу эцгийнхээ гар хурууны үзүүрт өртөх магадлал тавин хувьтай байдаг юм чинь. За за өөр юм бодъё гэсэн ч бодол минь хагархай пянз шиг нэг л юм аа тойрон эргэх юм даа. Хажуугийн орцны Оюунаа нөхөртэйгөө сугдалцан мэндлээд зөрөв. Түүний жаргалтай инээсэглэл намайг басамжлах шиг. Түүнд миний царай ямар муухай зэвхий харагдсан бол доо?Энэ хүмүүс намайг шөнөжин санаанд багтамгүй доромжлол амсан, согтуу нөхрийнхөө гарын шүүсийг амсч өнгөрөөснийг гадарладаг болов уу? Яасан үйлтэй амьдрал вэ? Ажил, сургуульдаа яарсан хүмүүс, унаа тэрэг хөлхөлдөн шинэ өдөр эхэлж байдаг. Надад бол гаслант хар шөнийн үргэлжлэл гашуун зовлонт шинэ өдөр гэсэн үг. Гэрээсээ гараад гэлдэрсээр яамныхаа хаалгыг татах хүртэл шувт ийм бодолд дарагдсаар явлаа. Нойргүй, доромжлол, зодуур, харамсал, түгшүүр, горьдлого дунд аймшгийн киноны кадрууд шиг муу ёрын шөнийг өнгөрөөгөөд өглөө нь хүмүүстэй юу ч болоогүй юм шиг мэндийг нь мэдэн, худлаач гэсэн худлаа инээн хөхрөн ажлаа хийхийг оролдоно гэдэг хүний хэрээс хэтэрсэн их хүч тэсвэр тэвчээр шаардсан жүжиглэл гэдгийг хэн ч мэдэхгүй ээ. Энэ бол тэнгэрийн цээрлэл, бурханы алдаа гэж би боддог..Энэ бүх инээж хөхөрсөн, эсвэл хөмсөг зангидан цаас нухсан хүмүүс, хүснэгт дүүрэн тоо, нэгэн хэвийн ширээ сандал, ажил алба, амьдралын өмнө хүлээсэн хариуцлага, намайг хүрээлж байгаа юмсыг бүхэлд нь чөтгөр аваасай гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Тэгээл ажил, гэр, хүүхдүүд, архичин эр нөхөр энэ бүхнийг хоос лааз шиг хөсөр хаячихаад хаа нэг тийш одож, хэн нэгэн өрөвчхөн сэтгэлтэнд зүрх, сэтгэл доторхоо уудлан уудлан яримаар, орой тараад гэрлүүгээ биш хандсан зүгтэй арилаад өгмөөр санагдана. Тэгсэн мөртөө гэртээ шал согтуу үлдсэн чамайг бодохгүй байж үл чадна. Гараад дахиад уучих вий, архины хордлогонд орчих вий хэмээн сэтгэл мөнхөд шаналаастай. Арай гэж ингэж тэгсээр үд өнгөрөөгөөд л даргадаа ямар нэгэн худал шалтаг хэлж чөлөө аваад гэр лүүгээ гарлаа. Замаараа талх авч нөгөөл замаараа, нөгөө л хүнд бодолдоо дарагдан гэрийн зүг, өөдгүй худалч, найгүй архичин чиний зүг алхаж явна. Түй өөрийгөө хэзээ хэзээнээсээ үзэн ядаж байна, би. Гутамшигаар дүүрсэн энэ амьдралаас яагаад би өөрөө улам улам чаргууцалдан зуурна вэ? Толгой өглөөнөөс илүү улам их ангалзан өвдөнө. Одоо гэрт ороод ямар дүр зураг угтах нь мэдээж.. Юу ярилцах нь Пифагорын теором шиг тов тодорхой.Би гэртээ оруут чамд үглэнэ. Чи гэмшсэн царай гаргана. Ядаж ганц үг ган хийхгүй таг дуугай сууна. Хөндүүрлэж хөхөрсөн гараараа би бантангын гурил үрнэ. Ёроолдоо түлэнхийрсэн бантанг чи ухаангүй халбагадна. Даргадаа би хүүхэд өвчтэй гэж хэлээд чөлөө авсан байдаг. Орц руугаа орж явтал чиний архины найз Цогтоо, Пандага хоёр шурдхийн зөрөв. Намайг эзгүйчилж чамайг уруу татах санаатай яваад тааралдчихсан бололтой. Өөдгүй шаарнууд. Нэр нь хүртэл Пандага байхдаа яахав дээ.Дургүй хүрч, үзэн ядах сэтгэл цээжинд үерлэсээр түлхүүрээ эргүүлж босгоо давлаа. Нохой хороо болсон гэр орон. Чи хаанаас гаргаж ирсэн юм, дахиж нэг шил архи задлан талд нь хүртэл уугаад үлдсэнийг нт нуух ядсан бололтой орны араар тавьчихаад нам. Дахиад л согтуу. Яг энэ агшинд тэр цонхон дээр харагдах төмөр индүүг шүүрэн аваад энэ өрвийсөн толгойг нь хага цохичих юмсан гэж юутай их хүснэ вэ! Зүрх ёг хийгээд дэлсэлж гарлаа. Өөрийн эрхгүй хөл нугаран өрөөний үүдэнд суун тусав. Тэгсгээд хоёр алхан буйданд хүрч тэсэлгүй асгаруулж гарлаа. Яасан үйлтэй амьдрал гээч вэ? Яасан дуусдаггүй зовлон бэ? Хүн шиг амьдрах заяа надад алга уу? Сайн сайхан амьдарч яваа хүмүүсээс би юугаараа дутуу юм бэ? Хүн жаргах гэж амьдардаг биш юм үү? хэмээн орилж, хашигчаж гарлаа. Нэг харсан чинь босоод зогсчихсон, согтуу нүдээ манантуулан -Хайрт минь уучил. Хөгшин чинь буруутай, бураатай... хэмээн үглэн зогсож байлаа. Нүд нь бүлцийж, үс нь халцархай гутлын сойз мэт өрвийжээ. Тэр гутлын сойж мэт үсийг зөөлөн торгон халимаг байхад би илж өхөөрддөггүй байсан гэж үү? орос банш мэт бэлцийчихээд байгаа энэ согтуу нүд тэр нэгэн цагт гал цог, хайр энхрийллээр гэрэлтэж яваагүй гэж үү? орчлонг эрхшээгч цаг хугацаа чи хичнээн хайр найргүй юм бэ? Тийм ээ, би энэ хүнд хайртай явсан. Хайр минь гал шиг шатаж, зүрх сэтгэл хайлж явсаан... Одоо ч тэр хайрын галаас үлдсэн үнс нурмыг онгичих юм бол эргээд дүрэлзтэл асахад бэлэн гал халуун цучил бишгүй л үлдсэн бус уу?Тийм ээ, би энэ хүнд хайртай явсан, одоо ч хайртай. -Хайрт минь, бидний амьдрал юу болж байна аа. Өнөөдөр чинь бид хоёрын танилцсан өдөр биз дээ. Ер нь яах гэж чи бид хоёр танилцав даа. Талимаарсан харц солилцоод л зөрөн оддог амтат, бас алаг зүрх догдлуулсан агшин амьдралд алийг тэр гэх вэ? Амьдрал болон цэцэглээгүй ч сэтгэл зүрхний гүнд ариун нандин дурсамж болон хоцорсон учрал байхгүй яавдаа, бидэн хоёрын хайр.Бид хоёр тэврэлдэн уйлж байлаа. Архичин хүн худлаа уйлдгыг архичны эхнэр би сайн мэднэ. Харин чи тэр өдөр чин үнэнээсээ уйлж байсан. Минийхтэй нийлэн урсаж байсан тэр нулимас чиний зүрхний нулимас байсныг би мэдэрсээн.. бид хоёрын нулимас нийлээд дэндүү шорвог амтагдаж байсаныг санана уу чи? “Үүрд энэ хар усыг амсахаа болъё. Одоо л чамайгаа жаргааж явъя” хэмээн чи тэхэд надад тангарагласан. Хэд хоног энэ минь нээрээ л хар уснаас гарах нь ээ гэсэн горьдлого төрүүлхээр байсаан..Гэвч ... чи ганцхан сарын дараа Эрээн явах тасалбар авна гэж 25000 төгрөг авч гараад орой нь эргэж ирээгүй. Эцсийн найдлага горьдлого минь тас үсэрлээ. “Тэнд хүнээс мөнгө зээлж уугаад тас уначихсэн байна гэнэ”, “Авгай өвчтэй эмнэлгийн сэхээнд байна гээд согтуу уйлж явна” гэсэн сураг дуулдсаар дөрөв дэх хоногийнхоо үүрээр чи ирлээ. Хаалгаа тайлахгүй ч байж би чадсангүй. Хонх чарлуулж, хаалга өшигчин:“Болормаа гичий минь хаалга тайл! Наадах чинь миний гэр орон шүү хэмээн орцоор дүүрэн хашгичихад чинь хүүхдүүд сэрэг уйлалдав.-Хоол хийсэн үү гичий минь. Чамайг аятайхан байхгүй бол цусыг чинь холино шүү. Үхсэндээ хаалга тайлж өгөхгүй удаад байсан п...а вэ? Гэсээр чи хаалгаар цухуйнгуут улансгасан дайрав. Тэр шөнө би тархиа хага цохиулж, бага хүү мөрөө мулталуулж, айлынхан цагдаа дуудсанаар бид амь бүтэн үлдсэн. Цагдаа нар хаалга эвдэн орж ирэх хүртэл би “Ингээд энэ хүний гарт үхдэг байжээ” гэж бодсон. Хорооны цагдаагийн хэсэг дээр намайг чиний дэргэд “Гомдолтой” гэж хэлэхэд ч “Муу новш” гээд над руу гар далайгаад гавлуулсан. Чамайг 30 хоногоор баривчлагдан одоход би шүд зуугаад “Эргэхгүй дээ” гэж бодсон ч би тэсээгүй. Халуун савтай хоол цай бариад “Дэнжийн 1000”-ийн автобусанд нэг л мэдхэд суусан даа. Халуун шөл оочлон “Хөгшин нь одоо л ухаар ч байна. Чамайгаа яаж алчихаагүй юм. Нүүрийг чинь харахад ч халуун байна. Эндээс гараад та гурвынхаа төлөө энэ хоёр гараараа зүтгэнэ дээ” хэмээн ярьж суухад чинь би итгэхгүй байж бас л чадаагүй ээ. Итгэл найдвар үргэлж сэтгэлд гал асаадаггүй юм бол амьдрал таг харанхуй байхсан болов уу? Итгэл найдвар л хүнд хэцүүг давах хүч хайрладаг юм билээ. Үнэхээр чи тэндээс гараад архины эмчилгээ хийлгэж, зургаан сар ёстой хүн шиг байж билээ. Тэр зургаахан сар ердөө 180 хоног бидний амьдралын сүүлчийн гэрэл гэгээтэй сүүлчийн өдрүүд байсан. Богинохон ч гэсэн аз жаргалтай 180 хоног байсаан. Тэр 180 хоногт чамд гомдсон тэр их гомдлоо би мартаж чадсан л юм даа.Гэтэл... нэг л өдөр... Хэлтсийн тайлангийн хурлаас гараад иртэл “Баясаа ах уучихсан явна гэнэ” хэмээн сайн танил маань утсаар хэлэхэд газар дэлхий дайвалзаад л явчихсан. Миний богинохон аз жаргалд цэг тавьсан тэр сураг Баясгалан гэж хүн эгнэгт дуусчээ гэсэн гашуун үнэнтэй намайг эвлэрүүлсэн юм. Тэр өдөр, тэрхэн мөчид бид хоёрын 9 жилийн амьдрал нүдний өмнүүр сүүдэр зураг шиг жирэлзээд л өнгөрч билээ. Москвагийн бороотой намар оюутны байранд анх бие биенээ харсан тэр өдрийн тэр мөч... 10-р сарын 3-ны өдөр байсан..Калининий өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхаж, Гум, Цум-аар хамтдаа хэсэн сүүлчийн копейкоо гөвөн гэрийнхэндээ бэлэг цуглуулж явсан оюутны гэгээн өдрүүд.Нэгдүгээр төрөхийн цонхоор анхны хүүгээ харж баярлан дэвхцэж, “Би аав боллоо” хэмээн хашгирч зогссон аз жаргалтай дүр чинь, зуслангийн автобусанд хүүгээ тэврээд хоёулаа инээлдэж явсан цэл залуу нас... Ажлаа тарчихаад хүүгээ хажуу айлын хөгшинд орхиод “Ялалт” кино театрт гараа атгалцан шивнэлдэн суусан сайхнаас сайхан мөчүүд...Хоёр хүүгээ хөтлөөд Шадивлангийн ойд гүзээлзгэнэ түүж явсан зуны тэр гэрэлт өдрүүд. Малгайгаа дүүртэл гүзээлзгэнэ түүчихээд миний ам руу атгаар нь хийж байсан чиний хайр гэрэлтсэн нүд... Бүгд жирэлзээд л өнгөрсөн. Тэгэхэд л архинаас чамайг аварч чадалгүй хүчин мөхөсдсөнөө, ямар ч горьдлого найдлага үлдээгүй юм. Авъяаслаг, царайлаг авто замын инженер залуу Баясаа архинд живэн одсоныг тэр мөчид би ойлгосон. Нөхрөө би архинаас аварч чадсангүй. Дахиад 2 сарын дараа архины хордлогын шокоор айлд нас барсныг чинь сонсоод би тэр өдрийнх шиг цочирдон гашуудаагүй юм даа. Би чамайгаа, амраг ханиа аль хэдийн алдчихсан байснаа мэдэрсэн. Би чамайг тэр өдөр сэтгэлдээ оршуулчихсан байсан. Нарангийн энгэрт торойн хоцорсон шарилд чинь атга шороо тавихдаа дараагын төрөлд нь архигүй амьдрал угтаасай хэмээн би сэтгэлдээ ерөөж байсан шүү. Баясаа минь.
No comments:
Post a Comment