Feb 26, 2012

Claude Debussy - The Girl With the Flaxen Hair


Сонсох дуртай аяз, сонсохоор сэтгэл сэргээд нээх сайхан болчдийн.

Залуу насаа хайрлая

Хүн ер нь энэ олдсон насандаа хүн шиг амьдрах ёстой гэж би боддог. Ээж болсоноос хойш амьдралын үнэ цэнийг илүү гүнзгий ухаарч, амьдралд улам л хайртай болжээ. Гэтэл учирсан зовлон, бэрхшээлдээ сөхрөөд хувь заяагаа хараагаад эрүүл саруул биеэ архи, гутаранги бодлоороо эрэмдэглээд сууж байгаа хүмүүс байх юмаа. Угтаа төрүүлж өсгөсөн ээж аавыгаа яах гэж намайг төрүүлэв дээ гэж харааж байгаатай адил санагдаад. Яасан хатуу хэлэвээ гэх хүн гарах л байх, гэхдээ би хатуу үгтэй хүн, үнэн үг хатуу гэж байгаад л хэлчихдэг, энэ зангаас минь болоод уурлаж, гомдож, дөлж зугтаасан хүмүүс ч зөндөө. 
Гай зовлон хүн бүрт л тохиолдоно алдаж эндэх ч бас байдаг асуудал, тэр бүрийг даваад гаталж чадсан хүн л эцэст нь аз жаргалыг олно гэж би боддог. Нэгэнт алдсан алдаандаа, учирсан зовлондоо гутраад хайран залуу насаа архитай нөхөрлөөд өнгөрөөж байгаа залуусыг (тэр нөхрийг) хараад харамсмаар, өрөвдмөөр, уур хүрмээр юмаа. Яагаад ингэж сууна вэ гэж асуухаар би ийм л заяатай хүн гэж харулна, уур хүрмээр.
Хэдэн цаг дуншиж төрүүлэхдээ, тооломгүй олон шөнө нойроо хугаслан хөхүүлж суухдаа ээж нь хүүгээ охиноо эрүүл саруул, хүний дайтай хүн шиг яваасай миний хүү гэж дотроо залбирч суусан даа, хайран юм.
Эрүүл саруул төрүүлж, өсгөж өгсөн ээж, аавдаа баярлаад энэ биеэ, энэ амьдарлаа хайрлаж амьдраарай, хаврын цэцэн шин бонигохон залуу насанд гутарч суух чөлөө байхгүй шүү дээ.


Р.Чойном: Залуу нас

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ

Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Feb 21, 2012

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Ирж буй луу жилдээ
Амжуулж дуусгах олон ажилтай
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай
Аваад барахгүй алдар хүндтэй …
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтай
Ижилсэж дасах олон найзтай
Инээж барахгүй аз жаргалтай …
Хайрлаад барахгүй сайхан ханьтай
Харамлаад дуусахгүй өгөөмөр өглөгтэй
Сүү шиг цагаахан сэтгэлтэй сүлд шиг хийморь золбоотой
Олондоо хүндтэй өөртөө зөв олз омгоор дүүрэн яваарай

Хотлоороо төвшин амгалан
Элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй

Feb 16, 2012

Яамаар ч юм бэ дээ

Шийдэхэд хэцүү, ийм хүнд сонголт хийх шаардлага гарч байгаагүйн байнаа. Гадаад байгаа хүүхэдтэй  хүн бүр бидэнд тулгаараад байгаа асуудал байдаг байх даа. Энд хүмүүс сурах эсвэл ажиллаж мөнгө хураах гэж ирдэг, үр хүүхэдийн асуудал нэмэгдэхээр бас л амаргүй юм аа. Сурмаар, ажилд хийж мөнгө олмоор байдаг хүүхдээ хэн нь хархав. Охиноо цэцэрлэгт өгье гэсэн чинь гадаад хүүхэд болхоор Солонгос хүүхдүүдтэй адилхан хөнгөлөлт эдэлж үнэгүй явах боломжгүй гэнээ, тиймээс сардаа 394 жилдээ бараг 5 сая вон хүүхдийн цэцэрлэгт зарцуулах болчихоод. Солонгост төрөлт цөөрөөд төрөөс янз бүрийн хөтөлбөр их хэрэгжүүлдэг боловч гадаад хүүхдүүдэд зориулсан юм байдаггүй байна, хорооны захиргааруу хэдэн ч удаа утасдлаа, өөрөө очиж уулзлаа ямар ч нэмэр болсонгүй. Мөнгийг нь төлөөд цэцэрлэгт хүүхдээ явуулна гэхээр хүүхдийг минь эцэг эхээс нь дутахгүй халамжилж чадах уу гэдэг бас эргэлзээтэй. 0-оос доош насны 3 хүүхдэд нэг багш ноогдоно, ганцаараа нэг хүүхэд хархад ямар байдаг билээ дээ, 3 хүүхдийг ээлжилж живхийг нь солиод, хоолыг нь идүүлээд, уйлсан нэгнийг нь аргадаж суутал өдөр өнгөрөх бололтой. Хүүхэд харилцаж, тоглож наадна гэж багш нар нь хэлээд байгаа ч тэр юу л бол. Энд албан ёсны цэцэрлэг 3-с дээш насны хүүхэд л авдаг. Манай охин явж болох цэцэрлэг ховорын дээр манай гэрийн ойролцоо байгаа нь 11-с илүү хүүхэд авах ёсгүй хувийн жижиг цэцэрлэгүүд болхоор хүүхэд салхилуулах гадаа тоглоомын талбай байхгүй, зарим нь бүүх нар тусах цонх ч байдаггүйн байна. Тийм орчинд хүүхдээ өгнө гэхээр зүрх хүрэхгүй юмаа. Ядаж байхаар мэдээгээр хүүхдийн цэцэрлэгт багш нар нь хүүхдээ зоддог, дарамталдаг, живхийг нь цагт нь солидоггүй, янз бүрийн сэтгэл санааны дарамт үзүүлсэнээс болоод сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд байна гээд яриад байх юмаа. Ингээд бодроор хар амиа бодож хүүхдээ энд байлгаж хүний гарт өгч асруулж байхаар Монголруу эмээ өвөөрүү нь явуулсан нь зөв ч юм шиг. Өөр нэг асуудал нь Монгол СОлонгосын хүүхдийн викцин нь хорондоо зөрөөд байх юмаа, энд илүү олон төрлийн вакцин хийдэг болхоор дараачийн тунгуудыг нь хийлгэхэд хэцүү болчих гээд. Нөгөө талаар охиноо ой хүртэл нь хөхөөр нь хооллочихмоор байдаг, охиныхоо сүүг саагаад Монголруу явуулж болдог бол тэгээд ч болтугай хүүхдээ хөхний сүүгээр нь хоололчих юмсан. Хүүхдээ хөхөөр нь хооллоно гээд энд байлгаад байвал сургууль төгсөх нь хойшлоод, нөхөр бид 2 мөнгө хураасан ч юм байхгүй, дээр нь хүүхдээ хүний хүнээр маллуулах гээд байдаг. Яаж ч бодсон нялх хүүхдэд өөрийг нь хайрлах хүмүүсийн дунд байж гэмээнэ зөв хүн болж хүмүүжинэ, эх нь биш бол цэцэрлэгээс илүү эмээ өвөө нь асарсан нь хамгийн найдвартай арга бололтой. Нялх хүүхдүүдээ явуулсан хүмүүсийг их гайхдаг байсан одоо л ойлгож байна. Яамаар ч юм бэ дээ, алаг үрээсээ холмооргүй л байна, өвөр дээр шулганаад сууж байгаа охиноо яаж явуулнаа.