Dec 16, 2009

АНУ ХАТАН (Бямбын Ринчен)

Өмнөх үг:
Хамаг хураасан бүгд барагдъюу:
Өндөр болсон тэр вээр эцэстүр унаюу
Хурах л буй бөгөөс, хагацах болъюу:
Төрөх л буй бөгөөс, үхэх болъюу.
(Үлгэрийн далай)


1.
Өгүүлэх ину: Энх амгалан нийслэл Бээжин хотынхон өглөөнөөс эхлэн Хар мөрний жанжин орж ирэх гудамж зээлийн газар их замын дагуу шоргоолж мэт овооролдон цуглаж, амьтан хүн улам нэмсээр байв. Хар хувцастай хятадын дунд хааяа монгол тангад хүн, хувцасныхаа өнгөөр тод ялгаран үзэгдэж, хоёр эгнээ болон жагссан олны хэлэлцэх нь дууриа цууриа мэт хачин чимээтэй байв. Манж солоон цэрэг, хятад ногоон тугийн хүнд цэргийн хүн, тэр жагсан жигдэрч байгаа олныг тэгшхэн жагс гэж өндөр дуугаар хашгиралдан, машид сүр бадруулан явж, замын тоосыг дарах гэж дайчилсан усчныг энд ус асга, тэнд тоос сайн дар гэж тушаан ханхалзаж явах ажээ.



Бээжингийн олон ингэж цуглан ирж, гудамжлан жагсаж байгаа учир нь гэвэл, Дайчин улсын албат дагуурын нутгийн залгаа газар орос цэргийн Хабаров гэдэг хүн Албазин гэдэг цэргийн хот байгуулагсанд нэг түм таван мянган цэрэг, нэг зуун тавин үхэр буутай явуулж, Албазин хоты нь бүслэн байлдаад тэр цэргийн хотод сууж байсан орос жанжин Толбузиныг цэрэгтэй ни хотоос зайлуулан үлдээд буцсан хойно дахиад тэр Албазин хотондоо эргэж ирсний нь долоон мянган хятад цэрэг дөчин үхэр буутай очиж байлдаад хоты нь эзлэн, орос цэргээр хэрмий нь эвдүүлээд, нэгэн хэсэг орос цэрэг эрийг ар гэрийн өвгөд хөгшид, христосын шашны ламын хамтаар олзлон Бээжинд хүргэж айсуй буйд Дайчин улсын сүрийг бадруулах гэж тэр Хар мөрний цэргийн жанжныг сүртэй жагсаал хийж угтан авах гэж байсан байжээ.

Шороон түмэн иргэн, замын хоёр талаар гудамжлан жагсаж, хүлээн зогсож байтал, цэрэг ирэх зүгээс
- Одоо л айсаж байна! гэсэн үг чимээ ам ам дамжин цөм тэр зүг харцгааж байтал, шар хотын зүгээс хурдан морь унасан, отго жинстэй элч түшмэл, хар хурдаар ирэх цэргийн өмнөөс зам шалган давхилдав.
- Хаан заларлаа, хаан заларлаа! гэж жагссан олон шуугилдав. Энх амгалан хаан, биеэр аян дайнд явах, ав шувуунд мордох, цэргийн сургууль шалгах тэргүүтэнд явдаг тул, хожиугийн Тэнгэрийн хөвгүүн гэж Шар хотоос гадагш бараг гарахгүй, хар тэргүүт иргэнд үзэгдэхгүй болсноос өөр байжээ.

Цэргийн бүрээ татаж, жагсаалын хэнгэргийн нижигнэх дуун маш сүртэй тул, жагссан олон, тэр дуу чимээний зүг хүзүү сунган ширтвээс, их жагсаалын өмнө алтан шар луу хатгамалд туг залсан, өвч хуягтай морьтой хүн үзэгэдж, жанжин тугийн хойноос Хар мөрний жанжин, хойноос нь цэргийн түшмэл маш ихэмсэг байдалтай явж, тэдний дунд нь ром католикийн Иесустэн лам нар, манж хятад цэргээс этгээд өмнөө сонин хачин хувцастай бөгөөд сайхан луус унацгаан, бас л ихэрхэг байдалтай, элгэндээ Христусын тэлээстэй мөнгөн загалмайн эрдэнийн шигтгээсийг наранд гялалзуулан явахыг гудамжлан жагссан олон нэн сонирхон харцгаах ажээ.
Хойноос нь нум саадаг, жад сэлэмтэй морин цэрэг, тэмээнд ачсан гунан буу дөнөн буу, тэмээгээр чирүүлсэн том том үхэр буутай цэргийн анги, урдах эгнээнийхээ цэргийн мөрөн дээр амы нь үүрүүлсэн бууч цэргийн жагсаал дэс дэсээрээ өнгөрөн явж, тэр цэргийн дарга нарын дунд бас Итали, Францын үхэр инженер мэргэжилтэн, цөм хятад цэргийн дарга нарын хувцас, отго жинс хэрэглэж, маш гэдгэр байдалтай цөм луус унан явцгааж байгаа нь, өмссөн хувцас хунар, отго малгай нь шар үстэй, хонхор цэнхэр нүд, том хамар этгээд царай зүсэнд нь нийлэмгүй хачин мэт үзэгдэх тул зарим нэгэн хятад хүн, хойноос нь,
- Янгүйзэ! Гадаад далайн чөтгөр! гэж хашгиран өгүүлэлдэх ажээ.
тэр цэргийн жагсаалын урт хормойтой дээлтэй боловч байдал нь их ондоо, өтгөн шар сахалтай чийрэг эрс, урт бөгөөд олон давхар банзалтай, толгойдоо сонин чимэг зүүж алчуураар чамин этгээд ороосон бүсгүйчүүл, өвгөд эмгэд хүүхэд багачуул жагсаж, хоёр хажуугаар нь жад сэлэм барьсан харуулын цэрэг, морь унаж маш их сүр бадруулан явнам бөгөөд тэдгээр олзлогдсон орос цэргийн тэргүүнд өтгөн бууралдуу сахалтай мөрөндөө унжсан буурал шар үстэй, өргөн дал мөртэй, өндөр нуруутай амарлингуй тайван царайтай, бусдаасаа этгээд уу ханцуйтай өргөн хар дээлтэй, энгэртээ Христус тэлээтэй мөнгөн загалмайг мөнгөн оосроор зүүсэн тийм нэгэн гүн, талбиун амгалан алхаж явахыг олон ширтэж,
- Орос цэргийн лам нь! гэж хуруу чичин харцгаах ажээ.
- Хөлөөсөө буух гэж байна, авай лам минь, яана даа гэж дэргэд нь яваа нэг эмгэн өгүүлбээс,
- Хатуужиж үз дээ, эмээ! Хүний газар муугаа үзүлээд яахав, хатуужиж л үз! Христус тэнгэр хүмүүн бидний төлөө зовлон эдлээд, биднийг бас тэсвэрлэж бай! гэж айлдсан шүү дээ.Хатуужиж л үз! гээд тэр эмгэнийг гараас нь хөтлөн алхав.
Энэ хэнгэрэг бүрээний чимээ нь сүртэй чих дөжрэм сүрхий юм бэ? гэж тэр эмгэн өгүүлбээс, өвгөн орос лам хариу үг эс хэлэвч, цэтгэлд нь Албазин хотыг хятад цэрэг шоргоолж мэт бүслэн байлдаж Албазины орос цэргийн хоёр дааган бууны дууг зуун тавин хятад үхэр бууны дуу дарж, өдөр шөнөгүй нижигнэж байсан нь санаанд орж дарийн үнэр хамарт нь шингэсэн мэт, одоо хүртэл ханхалж байгаа мэт сэтгэгдэв. Өдөр шөнөгүй хятад буу дайрах цэргийн дуу чимээ тасрахгуй, үхэр бууны суманд Албазин хотын Христусын сүм эвдрэн нураад, энд тэндгүй гал гарч шөнө ч гэсэн тэр бяцxан цайз хотын гудамжинд галын улбар туяа мяралзан өвгөд эмгэд, тэр шатаж байгаа байшингийн гал сөнөөх гэж бужигнаж байсан нь нүдэнд үзэгдэх мэт тодорхой ургаж, шарх олж ами хагацан буй цэрэг, ар гэрийн өвгөд эмгэд, хүүхэд шуухдын үхэхэд нь ганц бие хашаа ч хүрэлцэхгүй, нэгэн нөгцөгсдийн дэргэд тонилохын ном залбиран уншаад, нөгөө нэгнийд очиж, ихэд тонилгогч номын үгээр сэтгэлийн чилээгий нь алдуулж, төрөл төрөгсдий нь зоригжуулах гэж явж байснаа Бээжингийн гудамжинд хятад дийлсэн цэргийн жагсаал дунд туугдаж явах үес санан санан явахдаа Христусын номын ёсонд сүсэгтэн олныг Тэнгэрийн хонин сүрэг, санваартан хүнийг сүргээ маллан харгалзагч хоньчин гэж үздэг тул Тэнгэрийн зохиолоор сүргий минь хаа ч явуулсан, даган сахиж, хамгаалан тэтгэж, сэтгэлийн номын рашаанаар ундалж явах үүрэгтэй хоньчин билээ би гэж тэр өвгөн цанваартан сэтгэл зориг хатуужин, урт замын туршид Албазинаас Бээжинд тушаагдаж яваа орос цэрэг, ар гэрийн өвгөд эмгэд, эмс охидын сэтгэлий нь сэргээж явсан боловч, өөрийн сэтгэл гунин гутрахыг сэргээн зоригжуулах хүнгүй, дотроо бусдынхаа адил зовох байтугай илүү ч зовж яваа боловч, хүнд шавь нартаа гуниж гутарсан байдлаа огт мэдэгдэхгүйсэн гэж хатуужиж явах ажээ.

Гудамжлан зогссон олны дунд хэсэг хэсэг гуйлгачин, зохион байгуулсан байдалтай жагсацгааж, уранхай ноорхой хувцастай, зэвхий туранхай царайтай тэдний дундуур өнгөтэй хувцастай, тарган цатгалан царайтай хятад, толгой дохин явж өнгөрөх бүр хар мөрний жанжны тугчийн хэсгийг өнгөрөхөд нь,
- Тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн хуандий түм насалтугай! Хуандийн тэнгэрийн цэрэг түм насалтугай! гэж хашгиралдан олзлогдогсдыг өнгөрөхөд мөн дохиогоор шар сахалт нохойн толгойг тас цавч! гэж хашгиралдан, гараа зангидан, элдэв хараал ширээл талбин өнгөрөх ажээ.
Энх амгалангийн зогсож байсан индрийн дор олон сайд түшмэдийн дунд францын наран ван гэж цоллуулахдаа дуртай арван дөрөвдүгээр Луй вангийн явуулсан Иесүстэн хэдэн лам нар зогсоцгоож, Хар мөрний жанжны цуваа жагсаалд луус унасан Иесүстэн болон үхэр бууны мэргэжилтнийг өнгөрөхөд гараа занган дохиж, баяр хөөр болцгоож байв.
Энх Амгалан хаан, индэр дээрээс өмнүүр нь өнгөрч байгаа дийлсэн цэргийн ёслолын жагсаалыг үзэж байхдаа, индэр дор нь зогсож байгаа Иесүстэн, мөн цэргийн жагсаалд явалцаж байгаа хэлмэрч, орчуулагч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Иесүстэн, үхэр бууны цэргийн мэргэжилтэн франц, итали нарыг мишээсxийн харж, Өрнө зүгт баян бөгөөд хүчин ихт Орос улсын цэргийг дарсан мэдээг эдгээр Иесүстэн тэр дор нь хүргэж, дөрвөн далайн дунд хятад улсын төрийг барьсан Энх амгалан Хааны алдар нэрийг дуурсгана гэж дотроо бахдан бодож байв. Бас, Ази тиб дотроо эзлэх газар үлэмж бий гэж Өвөр монголыг хэдий эрхэндээ оруулж аваад Ар монголын уудам нутгийг атгандаа оруулах бодлого талбин, баруун ойрад монголын зүүн гарын цэргийн хүчин их тул, урдаар ойрадын ноён нурууг эс нуга дарваас, өрнө зүгийн Зүүнгарын их нутаг Ар монголын газар шороо, ноёд хаадыг дагуулж болохгүй гэж зүүн баруун монголыг хооронд нь эвдрүүлэн хямрааж, аль алины хүчийг мохоосны эцэст нэгэнд нь туслах нэрээр хоёулы нь гартаа оруулна гэж холын бодлогоор мөнгө хөрөнгө цутгаж монгол ноёд хаад дотор зуур нь хямруулж, бас шашны дээдэс лам нарыг зүүн баруун монголыг эвдрүүлэхэд хэрэглэж, хэдэн жил тэр зүйлд үлэмжхэн хөрөнгө зарцуулж байснаа бодолхийлон, Хар мөрний жанжны жагсаалыг харж байв.

Иесүстэн Албанизыг байлдаж байлдаж, Орос цагаан хаан Петерийг өрнө зүгийн хан вангийн үгэнд дуулгавартай болгохыг хичээж байсны далимд Энх амгалан, тэдгээр Иесүстэнийг өөрийнхөө бодлогод ашиглаж, хятад дунд Христусын шашин дэлгэрүүлэх зөвшөөрөл тэдэнд олгохдоо хариуд нь өрнө зүгийн улсаас бас бодлогодоо чухал юм олж авч, хожоотой наймаа хийж байна гэж боддог байжээ. Тэр Христусын шашныг хэзээ дуртай цагтаа цаазалж, Иесүстэнийг үлдэн хөөж болох юм хойно, тэднээр хийлгэсэн юмыг өрнө зүгийн шашны эзэн, Ром хотод нь Ватикан ордондоо суудаг Номон хаан нь ч хураан авч чадахгүй. Өрнө зүгийн хан ван ч хураан авч чадахгүй гэж тэр индрийн өмнө түшмэлийн дунд жагсан зогсож байгаа Иесүстэнийг, мөн Хар мөрний жанжны жагсаал дунд явж байгаа Иесүстэн хэлмэрч, үхэр бууны мэргэжилтэн франц нарыг харж, сахал дотроо мишээн зогсжээ.

Байгалийн өмнөд биеийн орос цагаан хааны цэргийн жанжныг бачимдуулах гэж Түшээт хааны цэрэг байдлаар явуулж, бас Сибирийн орос цэрэгтэй ширүүхэн тулалдаж, томхон дайн хийхэд хүрэх үес хэрэглэх гэж бэлтгэл хийж албан татвар зэргийг үлэмжхэнээр татсанд олон мужийн иргэн тариачны аж амьдрал хүндрээд, золбин гуйлгачин зөндөө болжээ. Бээжинд муж сианаас амь зуух аргаар орж ирсэн хоосрогсод тариачин нэн олон болсонд зах нийлсэн орос улсын цэргийн цайз байлдан эзэлж, хүн олзолсон чимээ нь Дайчин улсын дотоодод төр батыг илэрхийлж, гадаадад сүр бадруулахаас гадна дотооддоо бас чухал учиртай хэмээн тийнхүү Хар мөрний жанжны дийлсэн цэргиг нийслэлд их сүр ёслолтойгоор оруулж, нийслэлийн олон худалдааны пүүсийн данжаадыг тэр ёслолд тохиолдуулан нийслэлийн үгээгүү гуйлгачныг нэгэн цагийн хоол өгч гэдэс гаргахыг тушаалгасан учир, тэдгээр пүүсийнхэн мөнгө тэсгэж нийлүүлэн, жагсаал ёслолын дараа орой хэд хэдэн талбай зээлийн газар үнэгүй хоол идүүлж, олон илбэчнээр наадам гаргуулах болсонд Энх амгалан хаан, тэр бүгдийг бодохдоо дотор баяртай, өмнүүр нь өнгөрч байгаа цэргийн жагсаалыг харан, алсаас олны хашгиралдаж хаан түмэн насалтугай! гэж шуугилдахыг чагнан зогсож байвай.

Албазинаас олзолсон орос цэргийг <Орос ниру> монголчилбол <Орос сум> гэж Бээжинд суулгахаар хэдийн тогтсон тул, жагсаал өнгөрмөгц тусгай түшмэд тэр олзлогдогсдын суух орон сууц зааж, хүнс хоол нийлүүлэхээр бэлдсэн учрыг олзлогдогсод хэрхэн мэдэх аж. Хүчин давуу дайсанд автагдан олзлогоод, юу ч болохыгоо үл мэдэн, цэргийн жагсаалын сүүлд туугдаж явсан тэд ёслолын торгомсог хувцас гялалзсан отго жинс бүхий олон сайд индрийн өмнүүр жагсаж индэр дээр цөөн хүний дунд шороон түмэн хятадын эзэн хаан зогсож байгааг харан харан алхалсаар урдуур нь өнгөрчээ.
Жагсаал өнгөрүүт, тусгай зарц нар, нийслэлийн олон үгээгүү ядууст тийм тийм зах зээлийн газар үнэгүй хоол өгнө. Их ялалтыг тэмдэглэн, нийслэлийн сайд, түшмэд, баян пүүсний тэргүүн, мөнгө тэсгэн нийлүүлж хишиг түгээнэ гэж зарласанд тэр зарласан газрын зүг ядуу хоосон амьтан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шуугин цуглав.
Тэр олон гуйлгачны дунд алхагсад нь хааяа хааяа өндөр дуугаар хашгиран,
- Хуандий түмэн насалтугай! Бид бас гурван жил хатуужин тэсвэрлээд, түмэн он жаргана! Өөлдийн нохой толгойг тас цавчаад Дайчин улсын сүрийг бадруулна! гэж энд тэндгүй нэгэн тогтмол үг хашгиралдаж явав.

Энх амгалан хааны зарлигаар Бээжинд байгаа шарын шашны сүм бүхэн, цөм тэр өдрийн орой ядуу гуйлгачинд жас жаганаас үнэгүй цав түгээв. Бээжин Махагалын цүм гэж Лигдэн хааны үеэс алдартай бөгөөд хурлаа монголоор хурдаг тэр сүмд бас зарлиг ёсоор өглөг цав түгээж, өдий төдий уранхай ноорхой, халтар цоохор, хөгшин залуу, эр эм гуйлгачин, хүүхэд шуухадтайгаа цуглаж, цав түгээл идэцгээв. Жаганаас нь далай зама (*тогооч*-ийн хүндэтгэл) гарч ирээд, хэдэн заматайгаа шанага барьцгаан махтай агшаасан шар будаа түгээлцэж байтал, бусдаасаа цэвэр хувцастай бөгөөд олон гуйлгачныг захирч байгаагий нь үзвэл, дарга ахлагч бололтой нэг хятад, том гуулин шанага барьсан далай замын дэргэд хүрч ирээд, олон ямбий шаазан барьсан гуйлгачны зүг,
- Эмх журамтайгаар, түлхэлцэлгүй, шил шилээ харж цувцгаа! гээд - бид баруун зүгт шинэ газар, синдий эзлэх ёстой! Тэр шинэ газар - синдий, даруй манай хаьяат Шинэ хязгаар - Син зиан болох ёстой! Өөлдийн нохой толгойг тас цавчиж, тэр шинэ хязгаарыг дундад улсын нутаг болгох эрцүүл, Тэнгэрийн цэрэгт элсэцгээ! Тэр их үйлсийг гүйцэлдүүлэхийн учир, манай улсын иргэн бүхэн, өдрийн нэг хоолыг арвилбал, тэр шинэ газар - синдий манайх боно! Гурван жил хатуужаад, түмэн жил цатгалан жарган! гэж хашгиралдахад нь далай зама, дэргэдээ байгаа нэгэн замаа нам дуугаар,
- Би өөлд хүн, дөрвөд ойрадын тасархай. Энэ муу хар илжиг манай угсааг дарлаж, өөлдийн нохой толгойг тас цавчина гэж юу донгосож байна. Энэ шанагаараа цунтаг болгож, би нэг адис хүртүүлнэ байгаа! гэхэд нь нөгөө зама тайтгаруулж
- Чингэж болохүэй! Наадхи чини жүгээр жангууд биш, жүсээ буруулсан албаны чагдаа. Би жүсий нь сайн танина. Чингэж болохүэй! та минь. Номын ах та тайтгарч хайрла! Энэ хүн нэгэн үг хэлбэл, наад олон гуйлгачин дайрч Лигдэн хутагт хааны энэ Махагалын сүмийг үнсэн товрог болгож сүйд хийнэ шүү! Юу л гэвэл юу гэж дур мэдэн чалчиж байг! Та бидэнд хамаагүй. Эдний жоригоор толгойгоо тас цавчуулдаг өөлд гэж хаа байхав! Чавчуулсан ч, эдний нилээд хэдэн толгой тас чавчуулж баймаажин, сая өөрийнхөө толгойд эдний мэс хүргэх бий! Та тайтгарч хайрла! горьгүй! гээд тэр завсар урд нь жагссан олон гуйлгачны зүг:
- Шүй яо чи фан! Лайбаа! будаа идэх хүн байна уу наашилцгаа! гэхэд нь ямбий шаазан барьсан, хар хэрээний завар шиг хир даг болсон эцэнгир олон гар арзайн сарвайж тэр хятад цагдаагийн - Хуандий ван суй! гэхэд нь нэгэн зэргээр:
- Хуандий ван суй! Хуандий түм насалтугай! гурван жил хатуужиж, түмэн жил жаргана! гэж шуугилдав.

2.
Сайхан хичээнгүй үсгээр бичсэн дэвтрийн сүүлчийн хуудсыг уншиж үзээд шар торгон хавтастай дугтуйд нямбайлан хийж, номын тавиурт тавиад, Энх амгалан бичгийнхээ ширээний ард буй түшлэгтэй сандал дээрээ очин сууж, Дивиде ет импера! Дивиде ет импера! гэж нам дуугаар өгүүлээд, нэгэн хэсэг чимээгүй суув.
Дугтуйд хийгээд тавьсан бичмэл ном нь. хааны багш Иесүстэн лам нарын нангиад хэлээр орчуулсан Италийн төрийн эр, судрын хүн Маккиавел Николло гэгчийн <Цэргийн эрдэм> гэдэг нэрт зохиолын сүүлчийн дэвтэр байжээ. Хорь гарч явсан залуу хаан Маккиавелийн зохиолыг Иесүстэн, католиг лам нараар орчуулган үзэж, талбарлуулан сонсож, сонирхдог бөгөөд хуувийн (хуралдаж зөвшин хэлэлцэх зөвлөл) хэдэн өвгөд сайд <Сайн аниу мину багш болай, Муу аниу бас мину багш болай> гэж их эрдэмтэн Күнзийн өгүүлсэн үг бий. Төрийн эзэн хаан, сайн юмыг ч үзэж, багш болгох ёстой. Муу муухай юмыг ч мэдэж, төрийн ашгийн төлөө хэрэглэх ёстой гэж сургадаг байжээ. Чингээд, Иесүстэн лам нарын дотроос номтой эрдэмтэйгий нь хаанд шадар болгох байтугай, багш болгоход нь татгалздаггүй байжээ.
Дивите ет импера! - Салган захир! гэсэн тэр сүрхий учиртай үг. Энх амгалангийн сэтгэлд ихэд зохиж, Ар монгол зүгт явуулах бодлогод нь тун таарсаар ирсэн сургаал гэж баримталсаар иржээ. Айсин Гиоро овгийн өтгөс сайд, Иехенара овгийн хуувийн өтгөс, Иесүстэн европ лам нар, цөм санаа нийлэн, хаанд зөвлөлдөн хуувь нийлж, иесүстэн, европ зөгийн байдал, хаанд ноёдын тэмцээн тэнцүүрийн мэдээ уламжилж, дайчин улсын нэр зүрийг өрнө зүгт өргөдгийн дээр Энх амгалан хааныг дорно зүгийн нэн их хаан гэж баруун далайн олон улсын дунд алдаршуулж байгаа нь Энх амгаланд бас хэрэгтэй бөгөөд сэтгэлд нь таатай байжээ. Тэнгэрийн утга, газрын зүй, тооны ухаанд иесүстэн лам нар бас хятадаас илүүтэй зүйл олонтой нь хааны бодлогод бас ашигтай бичгийн ширээн дээр байгаа том том хавтастай газрын зураг дэвтэрт иесүстэн, баруун далайн олон улсын зураг зурж, бас дайчин улсын газрын нарийн зураг хийсэн нь, дэлгэж суугаад дэлхийн олон улсын хаа хаа байгаагий нь танин мэдэхэд сайхан гэж, өдөр бүр иесүстэн лам нараар улс улсын тухай баруун далайнхны мэддэг зүйлийг хэлүүлэн сонсдог байлаа. Тэр газрын зураг үзэхэд, нэг юм тодорхойгүй байсан нь, дайчин улсын хойд зүгийн хил хязгаар хаа хаа байгаа нь нарийн тодорхойгүй. Баруун хойшоо бас Ар монгол, ойрад монголын нутаг чухам аль улсын нутаг хэтдээ болох нь онгорхой.
Зүүн гарын нутаг Дайчин улсын Шинэ хязгаар болох

(үргэлжлэл бий) 

No comments: