Oct 23, 2012

МИНИЙ АЖИЛ-ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ“тийз”

Өөрийхөө хийдэг саван, нийтйин сүлжээний ачаар олон ч сайхан найз нөхөдтэй боллоо. Тэдний нэг нь Нямка гэдэг сэтгүүлч охин, надад савангийн тухай ярилцлага хиймээр байна гэдэг санал тавьж танилцаад, би ч бас үнэгүй сурталчилгаа хийчий гэж бодоод зөвшөөрсөн нь мэдээж. Ингээд миний сонинд өгсөн анхны ярилцлага, 3 дахь зураг маань (үсчин хүүхэн үсийг минь сэнсдэж байна гээд үхэр долоочихсон юм шиг болгоод боохоос өөр арга байсангүй, тэрнээс биш сайхан хөвсгийлгөөд задгай тавьсан бол патиар гоё гарахгүй юу).

Солонгос гэрийн эзэгтэй нарын дунд саван, шампуниас өгсүүлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө “найруулах” моод дэлгэрч бай­гаа. Ярилцлагын маань эзэн эмэгтэй ч бас ийм хообийтой. Уг нь энэ тухай л сонсох гэж би түүнтэй уулзсан юм. Нэлээд удаан ярилцсаны дараа түүнийг хүн судлал-антрополо­гийн салбарын хүн болохыг нь мэд­сэн юм. Тэрбээр ясны генетик суд­лалаар Монголдоо анхдагч хэмээн бичигдэх “эрх”-тэй нэгэн аж. Учир нь манай хүн судлалын салбарт “яс судлаач” нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс миний танд танил­цуу­лах гэж буй хүн “Монголын гэгээ” байх учир¬тай. Түүнийг Гаваачимэдийн Лхагвасүрэн гэдэг.

Бидний яриа өөр хоорондоо адилгүй хоёр сэдэвт хуваагдах тул мэр­гэн уншигч Та бүү төөрөлдөөрэй.

-Саван хийх хообийтой болсон тухайгаа яриач.
-Байгаль орчинд ээлтэй бүтээг­дэхүүн рүү дэлхий ний­тээрээ шуурах болжээ. Тиймээс гоо сайхны бүтээг­дэхүүнийг гэрийн нөхцөлд хийх нь ихэссэн. Ялангуяа эзэг­тэй нар саван, шампуниа өөрсдөө “үйлдвэрлэж” ахуйн хэрэг­цээндээ ашиглаж байгаа. Би өнгөрсөн жил төрчихөөд, гэр­тээ уйдаж суухын оронд ямар нэг үр бүтээлтэй зүйл хийе гээд, саван сонирхох болсон доо.

-Чи­ний хообий сонирхол татлаа.
-Зах зээлийн нөлөөгөөр манайд савангийн үйлдвэр үнд¬сэндээ зогссон. Уг нь са¬ван үйлд­вэрлэхэд хэцүү зүйл байхгүй. Түүхий эд нь байхад л хангалттай. Савангийн үндсэн түүхий эд нь тос. Наргил модны самрын тосыг голдуу хэрэглэдэг боловч самрын тос, чидуны тос хэрэглэдэг. Одоо ч бид гэр гэртээ саван хийдэг болчихлоо шүү дээ. Би энэ чиглэлээр албан ёсны сургалтад сууж, гэрчилгээтэй болсон. Ер нь сургалтад суухаар олон зүйл заадаг юм. Бүх төрлийн арьсны онцлог хийгээд тэдгээрт то¬хирох ургамлуудыг ч мэддэг болно.

-Чидун самрын тос гэхээр идэхэд зориулан савласныг саван хийхэд хэрэглэж болно гэсэн үг үү?
-Болно. Хүнсэнд хэрэглэдэг тосоор л хийнэ шүү дээ. Хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй. Тухайн бүтээгдэхүүнээс харшлахгүй л бол өөр сөрөг нөлөөгүй.

-Саван хийхэд орцонд нь хэр олон зүйл орох вэ?
-Дал модны тос, эфирийн тос. Тухайн хүнийхээ арьсанд тохирсон ургамлын түүхий эдүүд гээд нийтдээ наймаас арав орчим зүйл найрлагад нь орно шүү.

-Эдгээрийг холихоор шин­гэн зүйл болох юм шиг төсөөлөгдөж байна. Хатуу болгохын тулд яах вэ?
-Хэвэнд цутгаад хатаана. Хатах явцдаа барьцалдчихдаг юм. Ихэнхдээ 3-7 хоногийн хугацаанд бэлэн болдог. Зари­мыг нь бүр бүтэн сар хүлээдэг шүү.

-Бэлэн “найрлага” авдаг юм уу, өөрөө жимс, цэцгээ бэлтгэдэг юм уу?
-Бэлдэц авдаг юм. Түүнээс биш өөрсдөө бэлдэц хийнэ гэвэл маш их цаг зарцуулна. Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш том бизнес болчихсон. Тийм болохоор саван хийхтэй холбоотой бүхий л зүйлсийг худалдаалдаг юм. Орц, бэл­дэ¬цээс гадна сав, баглаа, боо­дол ч бий.

-Ер нь хэчнээн саван хийсэн бэ. Тоолж байв уу?
-1000 гаруй саван хийчихсэн байх аа. Эхэндээ туршилт шиг л юм болдог байлаа. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө арьсан дээр туршина. Найзууддаа бас бэлэглэнэ.

-Ийм саван гадуур худал­даалдаг уу?
-Энэ төрлийн хообийг биз­нес болгосон нэг нь бий. Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээг­дэхүүн үйлдвэрлэж, саятан болсон эзэгтэй Солонгост байдаг юм.

-Органик савангийн дутаг¬дал болоод давуу тал нь юу вэ?
-Үйлдвэрээс гарч буй бүтээг­дэхүүний гол дутагдал нь химийн найрлага юм. Удаан хугацаанд хадгалахын тулд муутгахгүй байх шаардлагатай болно. Ашиг олохын тулд урт “нас”-тай зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Харин органик бүтээг­дэхүүн хадгалах хугацааг уртасгах бодис агуулдаггүй. Тийм болохоор халуун нөхцөлд хад­галахад нян үүсч, муудах тохиолдол гарна. Яг л хүнсний бүтээгдэхүүн шиг хөргөгчний -4 градуст байлгавал дээд тал нь зургаан сар л хадгалж болдог юм. Тэгээд ч хөөсрөлт сайтай, үр дүн нь хурдан илэрдэг гээд олон давуу чанар бий.

-Цэвэр байгалийн гаралтай юм чинь идэж болох уу?
-Болохгүй ээ. Зөвхөн арь­санд л зориулсан эд шүү дээ. Дэлхийд алдартай фирмийн үнэртэй ус, саван бүгд парфюм гэсэн бичигтэй. Энэ нь ний­лэг­жүүлэлтийн аргаар гар­гаж авсан бүтээгдэхүүний нэр­шил. Харин органик саван арома терапи буюу үнэрийн эмчилгээтэй гэсэн үг. Ер нь үнэрээр бүхнийг эмчилж болно. Тэр ч бүү хэл цэцэг үнэрлээд л целлюлитээсээ салж байна.

-Парфюм гэсэн бичиг­тэй гүзээлзгэнийн найрлагатай саван тэгэхээр яг “гүзээлзгэнэ” биш гэсэн үг үү?
-Тийм ээ. Химийн найрлага жинхэнэ зүйлийг яагаад ч гүйцэхгүй шүү. Органик саван хэрэглэхэд үр дүн нь хурдан гардаг нь ийм учиртай. Харахад адилхан зүйлсийг найрлагаар нь ялгахын тулд шошго байдаг. Бас үнэ нь ч гэсэн харилцан адилгүй.

-Чи ямар мэргэжилтэй вэ?
Энэ асуултыг асуух хүртэл бидний яриа зөвхөн саван болоод үнэрийн тухай л өрнөж байлаа. Хачин гоё хэлбэр дүрс, өнгө, үнэртэй савангуудыг нь сонжиж, үнэхээр өөрөө хийсэн эсэхийг нь байн байн асууж байв. Чихэр адил хэлбэртэй хэрнээ цэцэг шиг үнэртэй савангаас нь бэлгэнд ч авлаа. Тэгээд бидний яриа өмнөтгөлд өгүүлсэнчлэн өөр сэдвээр үргэлжиллээ...

-Би одоо хүн судлал-антро­по¬логийн чиглэлээр БНСУ-ын Чунг Анын их сургуульд сурдаг. Ирэх хавар докторын зэрэг хамгаалахаар зэхэж байна.

-Хүн судлал дотроо олон янз. Яг аль салбарт нь мэргэших вэ?
-Ясны ДНХ буюу генетик судалгаа. Эртний археологийн олдвор бүхий булшин дахь яснуудаас сорьц авч судалгаа хийнэ. Би хэдэн жилийн өмнө МУИС-ийн Антрополог, археологийн тэнхимийг дүүргэсэн. Магист­рын зэрэг хамгаалахаар Солонгост ирсэн. Ма­гистрантурт сур­чихаад үргэлжлүүлэн доктор хамгаалах гээд ажиллаж байна.

-Дахиад сурах уу?
-Би судлаач болох зорил­готой. Хэрэв бие даасан судалгаа хийх чадвартай, эрхтэй болно гэвэл заавал их сургуулийн профессор болох ёстой. Тиймээс доктороо хам­гаалчихаад пост-доктор програмд сурна. Нэлээд чанар­тай өгүүл­лүүдийг, өндөр шаард­лагатай шинжлэх ухааны сэт­гүүлд хэвлүүлж байж дэлхийн аль ч сургуульд профессор болох эрх авна. Чанартай судлаач болохын тулд сураад л байна даа.

-Пост-доктор гэдэг нь профессорын өмнөх гэсэн үг үү?
-Өндөр хөгжилтэй орнууд заавал пост-доктор хийсэн суд­лаачдыг профессороор шал­гаруулж авдаг журамтай. Пост докторын програм хайх бас амаргүй ээ. Яг миний сурч бай­гаа чиглэлээр тэтгэлэг зарлах нь цөөхөн байдаг юм. Манай сургуульд пост-докторын сур­галт байдаг болохоор эндээ үлдэж магадгүй л юм. Ямар ч байсан үргэлжлүүлэн сурна.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ?
Пост-доктороо төгсөөд мэдээж эх орондоо ирж ажиллана. Манай орны хөрсөн дор ямар түүх нуугдаж байгааг бид мэднэ шүү дээ. Монголд ясны генетикээр ажиллахад хэцүү. Асар их мөнгө, хөрөнгө шаардлагатай. Нэг яснаас сорьц аваад, цогц шинжилгээ хийхэд хамгийн багадаа таван сая орчим төгрөг зарцуулдаг. Гэлээ гээд би өөр газар ажиллана гэж бодохгүй л байна.

-Ер нь ясны генетикээр манайхаас хэчнээн хүн суралцсан юм бол оо.
-Ясны генетикээр гэвэл надтай нийлээд гурван хүн бий. Нэг нь микробиологийн чиглэлээр ажиллаж байсан учраас тэр чиглэлээр дагнаад, Солонгост ажиллаж байгаа. Нөгөө нь хүн суд­лалын­хаа салбарт үлдсэн. Ясны генетикээр дагнаж бай­гаа нь би, Монголдоо анх­ных. Манай тэнхим 1994 онд бай­гуулагдсан. Тэр цагаас хойш ясны генетикээр дагнан суралцсан хүн байхгүй.

-Тэтгэлэгт хамрагдсан уу?
-Манай профессорууд Засгийн газраас зарласан уралдаант шалгаруулалтад төсөл бичиж өгдөг. Хэрвээ тэнцвэл санхүүжилт авч, оюутан эл­сүүлж ажиллуулна. Энэ нь цалинтай ажил гэсэн үг юм. Би төслөөс цалинждаг. Чунг Аны их сургуулийн маань профессор МУИС-ын Антропологийн тэн­химтэй хамтарч төсөл хэрэг­жүүлж эхлэхдээ Монголын талаас оюутан шалгаруулж авсны нэг нь би.

-Ясны генетикийн талаар киноноос л хардаг байлаа. Яриаг чинь сонсоод байсан чинь үнэхээр сонирхолтой санагдаж байна шүү.
-Одоо хийж байгаа судалгааны ажлаараа жишээ авах юм бол Хүннүгийн булшнаас гарч ирсэн яснаас түүхийг хөөж олж болно. Хүний генетикийн мэдээлэл нь тухайн хүний гарал үүслийг л илэрхийлнэ гэсэн үг шүү дээ. Эцэг эхээс өвлөгдөн ирсэн энэ ген хэзээ ч уусч замхрахгүй, хадгалагдаж байдаг юм. Тиймээс миний ажил цаг хугацаагаар аялах тийз л гэсэн үг.

-Сүүлийн үед хийж буй ажлын­хаа талаар сонир­хуулаач.
-Хэнтий аймгийн Баян адарга сумын нутаг дахь Дүүрлэг нарс гэдэг газрыг мэдэх үү?

-Язгууртны булш байдаг л гэж сонсож байсан.
-Манайд таван газарт Хүннүгийн үеийн язгууртны булш бий. Хамгийн зүүн захынх нь Дүүрлэг нарс. Битүү нарсаар хүрээлэгдсэн газар юм л даа. Тэнд Археологийн хүрээлэн, Үндэсний түүхийн музей, Солонгосын Төв музей­тэй хамтарсан археологийн экспедиц сүүлийн дөрвөн жил малтлага, судалгаа хийж байгаа. Энэ судалгааны баг 10 дахь жилдээ Монголд ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд язгууртны нэг булш, энгийн иргэний хоёр булшнаас олдсон ясанд манай сур­гуу­лийн лабораторид ДНХ-ийн су¬дал­гаа хий­гээд, нэг өгүүлэл хэвлүүлсэн байгаа.

-Шинжлэх ухааны өгүүл­лүүдийг хэн бичдэг юм бэ.
-Өгүүллийг багш бичнэ. Оюутнууд судалгааны ажилд тусална. Өгүүлэл бол судал­гааны ажлын тайлан л гэсэн үг. Тиймээс тулхтай байдаг юм.

-Монголоос сүүлийн үед олдож байгаа Xүннүгийн үеийн олдвор дотор мон­гол, еврoп, эр­лийз хүмүүс байсан нь барим­туудаар илэрсэн гэсэн.
-Сүүлийн үед гэлтгүй ээ. Манай багш МУИС-ийн Антропологийн тэнхимийг бай­гуулж, 10 гаруй жил эрхлэг­чээр ажиллаж буй Д.Түмэн гэж судлаач бий. Бүх насаараа монголчуудын гарал үүслийн судал­гаа хийж байгаа юм. Д.Түмэн багш маань анх “Шинэ чулуун зэвсгийн үеээс Монголд европ болон монголоид төрхтэй хүмүүс холилдон суурь­шиж байжээ” гэсэн таамаг дэвшүүлсэн гэдэг. Хүрэл зэвсгийн үед ч, Хүннүгийн үед ч Европын монголоид төрхтэй хүмүүсийн олдвор эртний булшнуудаас илэрсээр байсан юм. Тэднийг яг эрлийз гэж хэлж болохгүй л дээ. Харин европ болон монголоид хүмүүс холилдон амьдарч байсан гэд­гээр нь тайлбарладаг.

-Монголоид гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Манайхан монголжуу л гэж орчуулаад байдаг.
-Монгол төрхтэй гэсэн үг боловч уг гарал нь яг Монгол гэсэн үг биш. ХҮIII-ХIХ зуунд антропологийн шинжлэх ухаан анх үүссэн юм. Тухайн үеийн судлаачид ХIII зууны Монголын байлдан дагуулагчдыг сайн мэддэг байсан учраас ази хүмүүсийг монголоид гэж нэрлэдэг болж, ийм нэршил бий болгосон юм билээ.

-Судалгааны ажлынхаа тухай сонирхуулаач.
-Урьд нь эртний хүн суд­лалыг зөвхөн уламжлалт хэм­жилтийн арга ашиглаж хийдэг байсан бол, 20 жилийн өмнөөс Шведийн эрдэмтэн С.Пабло нарын эрдэмтэд эртний яснаас ДНХ ялгах аргыг нээсэн гэдэг. Одоо эртний хүн амын гарал үүсэл, нүүдэл, тар­халтыг судлахад молекулар генетикийн арга зүйг ашиглах боломжтой болсон. Зөвхөн эртний гэлтгүй орчин үеийн хүн амын бүтцийг ашиглахад ч бас ашиглаж болно


-Эртний хүмүүсийн ясыг хэчнээн төрлөөр судалдаг юм бол?
-Сүүлийн үед антропо­логийн салбарт чухал сэдэв болоод байгаа судалгааны талбар шүү дээ. Хэмжилтийн аргаар хүний яс төрх байдал, нас, амьдралын хэв маягийг тогтоодог байлаа. Харин одоо эртний хүний яс болон эдийн олдвор дээр таван төр­лийн судалгаа хийж болно. Хэмжилтийн аргаар тухайн олдворын хүйсийг тогтоох боломжтой ч энэ нь 100 хувийн баталгаатай гаргалгаа биш. Харин ДНХ судалгаа хийснээр тухайн хүйсийг батал­гаатай олно. Бүлэг булшны судалгаанаас тухайн хүмүүс хамаатан садан эсэхийг илрүүл­нэ дээ. Бас тухайн хүний ясаар дамжуулан C14 буюу нүүрстөрөгчийн судал­гаа хийж, хэдий үед амьдарч байсныг нь мэдэх боломжтой. Тэр ч бүү хэл амьд ахуйдаа ямар хоол хүнс хэрэглэж бай­сан, хэдэн насандаа үхсэн болохыг олж мэддэг юм. Уг нь эртний булшнаас гарсан хүнээс зөвхөн яс л олддог юм. Гэхдээ аз таарч, үс, эд буюу зөөлөн эд, мах олдох боломжтой байдаг. Гэхдээ ясны ДНХ-ийн судалгаанаас нүдний өнгө, үсний өнгийг хөөж олж болно шүү.

-Эртний хүмүүс тийм өвчтэй байжээ гээд л байдаг. Энэ мэдээллийг бас яснаас авах уу?
-Тийм ээ. Ямар нян, вирусийн халдвар авч байснаас эхлээд олон зүйлийг мэдэж болно. Гэхдээ энэ өвчлөлийн тухай судалгаа харьцангуй шинэ салбар л даа. Одоогийн байдлаар зөвхөн орчин үеийн хүмүүст байдаг тодорхой төр­лийн нян эртний ясанд бай­гаа эсэхийг судалж бай­гаа. Цөөхөн хэдэн лаборатори л энэ судалгааг хийж байгаа гэсэн.


Хоёр нас хүрээгүй хүүхдээ Монголд үлдээх гэж ирэхэд нь бид уулзаж, ийнхүү ярилцсан юм. Өдөр шөнийн алинд ч судалгааныхаа ажлыг бөөцийлж явдаг энэ эмэгтэй одоо нөхөр­тэйгээ хамт БНСУ-д амь­дарч байна. Тэр мөд мон­гол түүхийнхээ мөрийг ДНХ-ийн аргаар мөшгих нь лавтай биз ээ.

Нямкагийн маань блог http://nipoem.blogspot.kr/

4 comments:

miracle said...

Савангаас чинь яаж авах уу? Ямар үнэтэй вэ? Би холимог арьсны, бүх төрлийн арьсны, хүүхдмйн гсн 3н төрлөөс нь авах гэсийн

mongolbusgui said...

Snuu? awch bololgui yaahaw, une n 3500-3900 tugrugiin unetei. 99097971 utasaar yariad awaarai :).

Unknown said...

Hi ene savang mongold haanaas avch boloh be?

Unknown said...

Hi ene savang mongold haanaas avch boloh be?