Би Р.Эмүжингийн шүлгүүдэд дуртай. Тэрээр сэтгүүл зүй төдийгүй утга зохиолын салбарт "Эмүжин" гэсэн өөрийн өвөрмөц орон зайг бий болгож чадсан авъяслаг бүсгүй юм. Түүний шүлгүүдээс өөрийхөө хамгийн дуртай хэдэн шүлгийг энд нийтэллээ. Р.Эмүжингийн бусад шүлгүүдийг www.biirbeh.mn-ээс уншиж болно.
Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...
Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.
***************************************
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай
***************************************
Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан
Р.Эмүжин
Эх сурвалж www.biirbeh.mn
No comments:
Post a Comment